Сонин содон

                                            Facebook шилдэг тагнуулын хэрэгсэл

Нэр алдар нь түгсэн Wikileaks сайтын эзэн Жулиан Ассанжи Оросын телевизэд өгсөн ярилцлагадаа Facebook-ийг дэлхийн түүхэнд гараагүй хамгийн агуу тагнуулын хэрэгсэл хэмээн нэрлэжээ. Түүний хэлснээр бол Facebook хэрэглэгчдийнхээ тухай хувийн шинжтэй мэдээллийг шууд цуглуулж,  АНУ-ын тусгай албаныханд өгдөг ажээ.

Энэ мэт олон нийтийн сүлжээ нь тухайн хэрэглэгчийн найз нөхдийн хүрээ, сонирхол, хувийн харилцаа холбоо, ах дүү амраг садангийх нь талаархи мэдээллүүд болон түүнтэй харилцагч хүмүүсийн хаяг, оршин байгаа газрын байршил зэрэг бүх мэдээллийг олж авах боломжийг тусгай албаныханд олгож байдаг аж. Мөн энэ сайтаар дамжин хувь хүмүүсийн үзэл бодол улстөрийн хандлага зэрэг хувийн шинж чанартай мэдээллийг ч мөн тусгай албаныхан цуглуулж байдаг гэж Ассанжи баталж байгаа юм. Ийм маягаар тусгай албаны мэргэжилтнүүд маш хялбар аргаар шаардлагатай мэдээллээ цуглуулж чадаж байгаа бөгөөд хэрэв энэ ажлыг өөр хэлбэрээр хийсэн бол асар их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарах байсан гэдгийг Ассанжи онцолжээ.

“Facebook бол хүний гараар бүтээсэн хамгийн аугаа тагнуулын машин” гэж Ассанжи тодорхойлсон байна. Түүний баталж байгаагаар бол Yahoo болон Google-ийн үйлчилгээнүүд ч мөн үүнтэй адил тагнуулын мэдээлэл цуглуулах үүргийг гүйцэтгэж байгаа гэж баталж байгаа аж.

Одоогоор ноён Ассанжи Англи улсад гэрийн хорионд байгаа бөгөөд Швед рүү албадан шилжүүлэх тухай  шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг хүлээж байгаа юм байна. Түүнийг скандинавын хойгийн улсад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж байгаа билээ. Харин Ассанжийн өмгөөлөгч нар энэ хэргийг Шведийн зүгээс гаргаж тавьсан нь түүнийг АНУ-ын засаг захиргаанд шилжүүлэн өгөх зорилгоор хийж байгаа зүйл гэж үзсээр байгаа ажээ. 

Ассанжийн Wikileaks сайтаар дэлхий дахинд түгээгдсэн мэдээллүүд нь АНУ-ын үндэсний эрх ашгийг зөрчиж төрийн нууцыг задруулсан хэмээн Цагаан ордны эрх баригчид үзэж байгаа юм. АНУ-ын хуулиар бол улсын нууц задруулсан болон тагнуул хийсэн хэргээр цаазлах ял байдаг тул Ассанжийг ийм тавилан хүлээж байж болох ажээ.
                                      Хатан хаан өөртөө iPad худалдан авахыг тушаав

Их Британийн хатан хаан II Елизавета өөртөө таблет компьютер iPad худалдан авахыг ордныхондоо тушаажээ. Кембрижийн герцог,  хаан ширээ залгамжлагч жонон Уильям болон ханхүү  Гарри зэрэг түүний ач нар ордонд нь түүнийг эргэн ирэх үеэр 85 настай хатан хаан тэр төхөөрөмжтэй танилцжээ. “Хатан хаан өмнө нь iPad мэтийн аппаратыг үзээгүй бөгөөд ашиглахад амар тэр төхөөрөмж эрхэм дээдэст таалагдлаа” гэж ордны эх сурвалж хэлжээ. “Нэн ялангуяа авсаархан хөнгөн, том дэлгэцтэй зэрэг нь түүнд их таалагдсан” хэмээн Sun сонинд ярьсан байв.

II Елизаветад  iPod бол хоёр ч байгаа аж. Эхнийхийг нь өөрөө худалдан авсан ба хоёр дахийг нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Лондонд айлчлахдаа хатан хаанд бэлэглэжээ.

                                     Жорж Вашингтоны жороор шар айраг исгэжээ

Америкийн шар айраг исгэгчид АНУ-ыг үндэслэгч эцэг болох Жорж Вашингтоны гараар бичсэн жорын дагуу шар айраг исгэхээр шийдсэн байна. Уг жорыг Нью-Йоркийн нийтийн номын сангийн цуглуулгаас олсон гэж  The Wall Street Journal хэвлэлд бичсэн байна.
Америкийн анхны ерөнхийлөгчийн “сулхан шар айраг” гэсэн жор 1757 онд бичигдсэн бөгөөд номын сан нэгэн шар айргийн газартай тохиролцон тэр жороор 15 галлон буюу 60 литр орчим шар айраг эсгэхээр болсон байлаа. Түүний амт нь хангалтай хуурай бөгөөд хөнгөн, шоколад буюу кофены амт мэдрэгдэхээр гэж шар айраг эсгэгчид хэлж байна. Бүтцэд нь зөрөг цэцэг, эсгүүр ба цардуулын бурам орж байна.
Вашингтоны жорд цуснаас бага зэрэг халуун болтол тавин исгэх хэрэгтэй гэсэн байв. Гэхдээ тэр шар айргийн нууцаа бүрэн нээгээгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Шар айргийн амталгааг энэ сарын 18-нд Манхэттенд хийх гэнэ.

Хандалт